
Асфальтан зам тавих технологи
Зам тавих ажиллагаа газрын тэмдэглэгээ, хагалгаанаас эхэлдэг. Яг хаана асфальт байх, хаана явган хүний зам болон замын хашлага байх нь тодорхой тооцоологдсоны дараа л зам тавих ажил эхэлнэ. Мөн борооны усыг хаана цуглуулж хэрхэн урсгахыг энэ үе шатанд заавал шийдэх ёстой. Түүнчлэн асфальт бетон гадаргууны хольц ямар байхыг тодорхойлно.
Замыг ямар нөхцөлд ашиглахаас шалтгаалж хайрган суурины зузаан болон асфальтан гадаргууны тоог тохируулдаг.
Хэрэв асфальтыг явган хүний зам, авто зогсоол, эсвэл орон сууцны ойролцоо ерөнхийдөө ачаалал багатай зам дээр хийх бол 10-15 см-ийн суурь хангалттай. Мөн 4-5 см-ийн зузаантай нэг давхар асфальтан гадаргуу байсан ч болно. Харин авто тээврийн хэрэгслийн байнгын хөдөлгөөн, мөн хүнд даацын ачааны машин зорчихоор төлөвлөгдөж байгаа бол 25-30 см-ийн хайрган суурь дэвсэж, түүний дээрээс 2-3 давхар асфальт гадаргуу хийдэг.
Асфальтан зам тавих технологид замын суурийг дэвсэх үед борооны болон үерийн усыг урсгах ховилыг тооцоолох шаардлагатай. Хэрэв бродюр буюу замын хашлага суурилуулах бол түүнийг асфальт тавихаас өмнө суурилуулдаг. Мөн өөр төрлийн бэлтгэл ажлуудыг ч хийх ёстой, тэр дунд траншейны нүх, таглааг засварлах, өндөрлөх, дулааны бэлэн шугамын засвар, эсвэл шинээр угсрах гэх мэт ажлууд дурдагдана. Замын гадаргууг аль болох найдвартай, чанартай байлгахын тулд дээрээс нь гурав дахь давхаргыг дэвсэж болдог. Давхаргуудын хоорондох авцалдаа бол олон давхаргатай зам тавихад хамгийн чухал асуудал юм. Тэд зүгээр ч нэг наалдчихгүй. Нэг дээр дараагийн давхаргыг дэвсэхийн өмнө заавал битум түрхэж өгдөг.
Давхар болгоны асфальтын нягтрал өөр байж болно. Хамгийн доод давхарга дээр илүү том ширхэгтэй хайрга бүхий асфальт, харин хамгийн дээд давхаргад аль болох нарийн ширхэгтэй байвал үрэлт болон элэгдэлтээс хамгаалдаг байна.










